Хүний эрхийн форумын гишүүд жагсаалын үед ажиллав

Жагсаал цуглааны үеэр ажиглалт хийж буй мэдэгдэл

Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаж цуглахдаа бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, тайван замаар, хүчирхийллийн бус аргыг хэрэглэх ёстой бөгөөд хууль сахиулагчид эдгээр эрхэд хүндэтгэлтэй хандаж, нийгмийн дэг журмыг сахиулахдаа жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Иймд Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах ажиллагаа зохистой явагдаж буй эсэхийг Хүний эрхийн Форум анхааралтай ажиглаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Бид Сүхбаатарын талбайд болж буй жагсаал цуглааны үеэр 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн ажиглалт хийж байгаа бөгөөд жагсаал, цуглааны үеэр хүч хэрэглэхгүй байхыг уриалж, хууль сахиулах ажиллагаа хуулийн дагуу байхыг сануулж, эрхээ эдлэх талаар мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.

Хүний эрхийн Форум нь 2010 оноос хойш 12 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ 50 гаруй хүний эрхийн ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахын төлөө хүчээ нэгтгэсэн үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эвсэл билээ.

Бид нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор ажиглалт хийж, шаардлагатай үед холбогдох талуудад зөвлөгөө туслалцаа үзүүлэх, зөрчлийг таслан зогсоох тухай шаардлага, зөвлөмж хүргүүлэх, хүний эрхийн нөхцөл байдлын тайланд энэ тухай мэдээлэл тусгах зэргээр ажилладаг.

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРУМ

Монгол улсад сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорих тохиолдол нэн өндөр байгааг НҮБ-ын шинжээчид онцоллоо

Монгол улсад сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорих тохиолдол нэн өндөр байгааг НҮБ-ын шинжээчид онцоллоо. Энэ дүгнэлтийг дур зоргоор баривчлахын асуудлаар Монгол улсад 10 хоног ажилласан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинжээчид хийжээ. Тэд өнөөдөр ажлын урьдчилсан дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. 2020 онд баривчлах ажиллагааны 99,3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ үзүүлэлт 98,3 хувь болжээ. Энэ нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн талаархи үүрэг хариуцлагатай огц нийцэхгүй гэж ажлын хэсэг үзэж байна. Ялангуяа Тагнуулын Ерөнхий газар, АТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд нь шүүхийн шийдвэргүй баривчлан хорих явдал их гаргаж байгаад санаа зовж байна. Хүнийг таамаглалаар хэзээ ч цагдан хорьж болохгүй.

Мөн сэжигтнийг дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг байдал ч анхаарал татаж байна. Мөн гүтгэх гэдгийг Эрүүгийн хуульд оруулсан нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад болж болзошгүй гэж үзэж байна. 1994 онд батлагдаж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болохыг ч санууллаа.