Жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинтогийн тэвчишгүй засаглал, удаа дараагийн дээрэнгүй үйлдлийг нь дурьдсан нээлттэй захидлыг ТУЗ-д нь илгээв

Жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинтогийн тэвчишгүй засаглал, удаа дараагийн дээрэнгүй үйлдлийг нь дурьдсан нээлттэй захидлыг ТУЗ-д нь илгээв

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)- ийн ТУЗ-д бичжээ:

Рио Тинто компанийн ТУЗ-ын хүндэт гишүүдээ:

Пентуотер Кэпитал Mенежмент нь Туркойз Хиллийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” билээ. Риогийн ѳнѳѳгийн удирдлагын баг Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эсрэг дээрэнгүй бѳгѳѳд хууль бус үйлдүүд хийж байгааг ТУЗ-ийн гишүүд та нар мэдээгүй гэдэгт чин сэтгэлээсээ найдан бичиж байна. Бид Риогийн ТУЗ-тэй хамтран энэхүү үйлдлийг нь засах дээр хамтран ажиллаж, улмаар Пентуотер нь дээрэнгүй үйлдлийн хэргэр Риог шүүхэд ѳгѳх шаардлагаас зайлсхийн шийдвэрлэгдэх байх гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Рио нь Туркойз Хиллийн 51%-г хянадагийн хувьд Туркойз Хиллийн бүх ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын бүх ажилтнууд болон Туркойз Хиллийн ганц актив болох уурхайн удирдлагыг ѳѳрсдѳѳ шилж томилсоноо та бүхэн эргэлзээгүй мэдэж байгаа. Мѳн Рио нь Туркойз Хиллийн хяналтыг 2012 онд гартаа авснаасаа хойш бүх ѳмнѳх ажилтнуудыг нь халж дандаа ѳмнѳ нь Риод ажиллаж байсан хүмүүсээр зургаан Гүйцэтгэх захирал, Санхүүгийн захирлуудыг томилсон ба энэ танай томилсон удирдлага чинь Туркойз Хилл Риогийн хяналтанд орсоноос хойш Риод нийтдээ 1.4 тэрбум долларын өртөг бүхий гэрээнүүд байгуулсаныг та бүхэн бас мэдэж байгаа байхаа.

Уурхайн менежерийн хувьд Рио Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хариуцаж байсан. Далд уурхай нь 5.3 тэрбум долларын төсөвт өртгөөр 2021 оны 1-р улиралд эхний тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ гэж Рио анх Туркойз Хиллд амласан. Гэтэл 2019 оны 7-р сард уурхайн тѳсѳвт зардал маш ихээр хэтрэнэ, ашиглалтын хуваарь ч үлэмж хугацаагаар хойшлоно хэмээн Рио мэдэгдэж Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийг цочирдуулсан. Риод ажиллаж байгаад хожим “шүгэл үлээгч” болсон Ричард Боулигийн хэлснээр төсвийн хэтрэлт, хуваарийн хоцролт нь Рио 2-р босоо амын барилгыг хайхрамжгүй хийснээс болсон байна. Үүгээр барахгуй, Рио нь төсвийн хэтрэлт, хуваарийн хоцролтын талаар анх ил мэдээлэхээс бүтэн жилийн ѳмнѳ мэдэж байсан ба олон нийт болон Монгол Улсын засгийн газраас эдгээр мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан.

Файнэншл Таймс сонины мэдээлснээр: “2017-2019 оны хооронд Риогийн зэсийн бизнест Монгол дахь стратегийн төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан ноён Боули 2018 оны 2-р сард анх дээд удирдлагууддаа уг төсѳлд учраад байгаа хүндрэлүүдийн талаар анхааруулсан гэж мэдээлж байгаа юм. Ноён Боулигийн хэлж буйгаар тѳслийн хүндрэлүүдийн талаар санаа зовниж байгаа тухайгаа 2019 оны 3-р сард түүнийг халах хүртэл ахлах удирдлагууддаа мэдэгдэж байсан. ‘Би 2018 оны эхээр [хуваарийн саатал] төслийг дуусгахад шаардагдах хөрөнгөтэй холбоотой ноцтой эрсдэл үүсэх болно гэж анхааруулж байсан. Энэ эрсдэл нь 2018 оны туршид нэмэгдсээр байсан ч хөрөнгө оруулагчдад мэдээлээгүй’ гэж тэрээр мэдэгдсэн. ‘Төслийн тайлан, цахим шуудангийн захидал болон бусад баримт бичгүүд нь [Рио Тинто] төслийн саатал болон үр дагаврыг бүрэн мэдэж байсныг тодорхой батлана”- Файнэншл Таймс, 2020 оны 3-р сарын 23.

Рио Тинто 2018 оноос эхлэн далд уурхайн өртөг, хуваарийн хэтрэлтийг нуун дарагдуулахаар шийджээ. “Ноён Боули дээд удирдлагууддаа уурхайтай холбоотой асуудал гараад байгааг 2018 оны 2-р сард анхааруулсан гэж байгаа. Үүний дараа 2018 оны 7-р сард уурхайн ажил төсвөөсѳѳ 300 сая доллараар хэтэрч, төлөвлөсѳн хугацаанаасаа бүтэн жилээр хоцорч байгаа тухай хоёр дахь удаагаа Хүний нөөцийн захиралд анхааруулсан. Гэсэн хэдий ч 2018 оны 10-р сарын 2- нд Риогийн зэсийн бизнесийн тэргүүн Арно Суаро АНУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулга хийхдээ төсөл нь ‘төсөв, хуваарийн дагуу хэрэгжиж байгаа’ гэж хэлсэн”. Файнэншл Таймс, 2020 оны 2-р сарын 16. “Ноён Сyaрo 2018 оны 10-р сард танилцуулга хийснээс хэдхэн долоо хоногийн дараа ноён Боули орон нутгийн менежертээ газар доорхи төслийн ажил өртөг зардал ихээхэн хэтрэлттэйгээр 12-18 сараар хоцорно гэж цахим шуудангаар мэдэгдэж байжээ.” Тэрээр мөн Риогийн тѳлѳѳлѳн удирдах зөвлөлийн гишүүдэд санаа зовниж буй асуудлуудаа дурдав.” Файнэншл Таймс, 2020 оны 2-р сарын 16. Ноён Боули өнгөрсөн сард нээлттэй шүүх хурал дээр шууд мэдүүлэг өгөн Риог ичгэвтэр байдалд оруулахаар төлөвлөж байсныг та мэдэхгүй ч байж магадгүй, гэхдээ шүүх хурал болохын өмнөх өдөр Рио ноён Боулитэй тодорхойгүй тохиролцоонд хүрсэн ба түүнийг дуугуй байлгахаар худалдаж авсан бололтой. Риогийн Удирдах зөвлөл биш Риогийн одоогийн менежментийн баг эдгээр шийдвэрийг гардан гаргаж хэрэгжүүлсэн гэж Пентуотер найдаж байна.

Риогийн менежментийн баг Австралийн уугуул иргэдийн ариун шүтээн газруудыг сүйтгэх шийдвэр гаргаж байсан ба тэдний гаргасан шийдвэрүүдийн мѳрѳѳр олон тооны авлигын хэрэг, хээл хахуулийн болон санхүүгийн мэдээллийн мөрдөн байцаалтыг АНУ-ын Үнэт цаас, Биржийн Хороо, Их Британийн Ноцтой луйврын агентлаг зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт явуулах шаардлагатай болж байсан нь нэгэнт тодорхой юм. Эдгээр олон зохисгүй явдлын дараа Риогийн Удирдах Зөвлөл нь Риогийн Гүйцэтгэх захирлыг ажлаас нь халах зөв арга хэмжээ эцэсдээ авсан гэж Пентуотер ойлгож байгаа юм. Харамсалтай нь ноён Жакийг халах нь нэг өдрѳѳр хожимдсон юм. Удирдах зөвлөл ѳѳрийг нь огцруулахыг мэдэгддэг өдөр ноён Жак хямд, бэлэн санхүүжилтэд хамрагдахын оронд Риогийн далд уурхайн бүтээн байгуулалтыг буруу удирдсанаас үүссэн зардлын хэтрэлтийг хувьцааны эрх санал болгож Туркойз Хиллээр төлүүлэхийг оролдов. Саяхан ил болсон Харилцан ойлголцлын санамж бичгээр Рио нь Туркойз Хиллийн хувьцаа эзэмшигчдэд хамгийн оновчтой санхүүжилтийн шийдэл эрэлхийлэх боломжийг нь Туркойз Хиллд олгохгуй хааж байгаа нь байж боломгүй зүйл билээ. Хувьцааны ѳнѳѳгийн үнээс болж Компанийн үнэ цэнэ маш бага болсон байдал, стриминг болон бондын санхүүжилт гэх мэт Компанийн хувьд илүү хямд бөгөөд илүү ашигтай санхүүжилтийн хувилбарууд байгааг үл харгалзан Рио нь Tуркойз Хиллийг нэмж ѳѳрийн хѳрѳнгѳ босгуулахаар шахаж байна. Рио нь санамж бичигт заасан хэмжээнээс илүү нэмэлт өр, холимог санхүүжилтийн хувилбаруудыг зѳвшѳѳрѳхгүй гэдгээ Туркойз Хиллд аль хэдийнэ мэдэгдсэн нь Туркойз Хилл дахь эзэмшлээ “шалан дээр унасан” үнээр авч нэмэгдүүлэх нь Риог л баяжуулах зорилготой дээрэнгүй тактикийг нь илчилж байгаа билээ. Рио-гийн санхүүгийн ямар ч логикгүй одоогийн завхарсан байр суурь нь Рио Тинтогийн Туркойз Хиллд өөрѳѳ оруулсан ТУЗ-ийг нь Риогийн эсрэг арбитрын шүүх ажиллагаа эхлүүлэхэд хүргэлээ. Риогийн алдаатай ажиллагаанаас үүссэн зардлын хэтрэлтийг бүхэлд нь нэмэлт ѳрийн санхүүжилт эсвэл стримингээр санхүүжүүлж болно гэдэгт Туркойз Хиллийн Тѳлѳѳлѳн удирдах зөвлөл итгэлтэй байна. Санхүүжилтийн энэ хоёр сонголтын аль нь ч боломжийн ѳртѳг, хүүтэй байх болно. Риогийн Удирдах зөвлөлийн хувьд та Риогийн 51 хувийг эзэмшдэг компани нь далд уурхайн бүтээн байгуулалтаа хамгийн үр ашигтайгаар санхүүжүүлэхийг эсэргүүцэх үү? Энэхүү асуултанд хариулж Туркойз Хилл компанийг хямд ѳртгѳѳр санхүүжүүлэхийг та хүсч байгаа гэдэгт Пентуотер найдаж байна. Нэгэнт үеэ ѳнгѳрѳѳсѳн гүйцэтгэх захирал ноён Жак компанийн үнэ цэнэд хор хөнөөлтэй замаар явахыг Риод хууран мэхлэх байдлаар итгүүлсэн гэж Пентуотер найдаж байна. Нѳхцѳл байдлыг ойлгосны үндсэн дээр цорын ганц оновчтой зам бол нэмэлт санхүүжилтийг хѳѳцѳлдѳх боломжийг олгох явдал гэдэгтэй та санал нийлнэ гэж Пентуотер найдаж байна. Туркойз Хиллийн одоогийн гэрээнүүд нь 1.6 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах боломжтойгоор хийгдсэн гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Дэлхий нийтээрээ Рио нь Туркойз Хиллийн хувьд компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлээгүй гэдэг итгэл үнэмшилтэй болсоныг та ойлгож байгаа гэж Пентуотер найдаж байна. Туркойз Хиллийн ТУЗ-д цөөнхийн ямар ч төлөөллийг оруулахыг Рио зөвшөөрөөгүй. Энэ оны эхээр би Туркойз Хиллийн ТУЗ-д суудалтай болохоор хѳѳцѳлдсѳн.

Хуралдаанд оролцсон цѳѳнх хувьцаа эзэмшигчдийн 88%-ийн саналыг авсан. Рио Тинто мэдээж миний эсрэг санал өгч цөөнх хувьцаа эзэмшигчдийн дуу хоолойг илэрхийлэх боломжийг хаасан. Жижиг хувьцаа эзэмшигчид Риогийн далд уурхайн бүтээн байгуулалтад гарсан зөрчил, эрх хэтрүүлсэн явдлыг шалгаж тогтоохыг ноён Жак л хүсээгүй гэж би таамаглаж байна. Туркойз Хиллийн Риод төлсөн 1.4 тэрбум долларт жижиг хувьцаа эзэмшигчид хяналт шалгалт хийхийг ноён Жак л хүсээгүй гэж би таамаглаж байна. Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчид шахалт үзүүлж Риогийн зардлын хэтрэлтийн үл тайлагнал, ил тод бус байдлыг шалгуулахыг ноён Жак хүсээгүй гэж би бодож байна. Компанийн засаглалаар тэргүүлэгч АНУ-ын Institutional Shareholders Services (ISS) фирм нь Туркойз Хиллийн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг оруулахыг дэмжсэн билээ. ISS-ийн байр суурийг анзаарсан Австралийн санхүүгийн тойм 2020 оны 7-р сарын 15-ны өдөр ийнхүү мэдэгдэв: [Туркойз Хиллийн] хувьцаа эзэмшигчдэд өгсөн зөвлөмждөө ISS нь ‘засаглал, ажлын саатал, зардлын хэтрэлт, санхүүжилтийн ноцтой дутагдлын талаар компанийн ил тод байдалд зүй ёсоор санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Нэмээд ‘ТУЗ-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй харьцах харьцааны түүх нь онцгой санаа зовоодог’ ба ‘Aшиг сонирхлын зөрчлийг бууруулах талаар хангалттай алхам хийгээгүй’ болохыг тэмдэглэв. Тус нийтлэл бас: Ааштай Жан-Себастиан Жакын удирдлага дор Рио Тинтогийн ёс суртахуунгүй байдал гаарсан. “Жигшүүртэй” байдал нь компанийн хувийн хямрал, байгууллагын бүтэцээс хальсан.

Бизнесийн түншүүд болон жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ яг л харуусалд унасан PKKP абориген хүмүүстэй харьцдаг шигээ жигшүүртэй байдлаар харьцдаг. Үүнийг нь Канберрагийн Нэгтгэлийн зѳвлѳл, Америкийн хувьцаа эзэмшигчдийн тѳлѳѳллийн байгууллагууд, Британийн сангийн менежерүүд болон Австралийн Эвлэрүүлэн зуучлах байгууллагууд хатуу шүүмжилж байна. Эдгээр нь үл тоомсорлох, үр дагаваргүй үйлдлүүд биш юм. Эдгээр нь улам бүр өсөн нэмэгдэж буй нэгдмэл дуу хоолой бөгөөд үүнийг Саймон Томпсоны ТУЗ анхаарах ёстой. Австралийн санхүүгийн тойм, 2020 оны 7-р сарын 15. Гэхдээ ноён Жакийн үед ч тэр, Рио Тинто компанийн түүний өмнөх удирдлагын үед ч тэд сайн засаглалын үлгэр жишээ байгаагүй нь “шинэ мэдээ” биш юм. Жакийг тойрсон олон дуулианы нэг нь Австралийн санхүүгийн тоймд 2020 оны 7-р сарын 27-ны өдөр Риогийн хамгийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйгүй байдлын талаар гарсан явдал юм. Сонинд: 2017 оны 12-р сард …. Их Британийн гүйцэтгэх удирдлагын сургалтын GFI Blackswan фирм 12 жил Рио Тинтогийн дээд удирдлагыг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж ирсэн ч “ёс зүйгүй байдлын талаар ноцтой эргэлзэтэй” болж гэнэт сургалтаа зогсоосон. Блэксваны захирал, доктор Морис Даффи энэ тухай нүд бүлтийлгэм захидлыг одоогийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон болон Рио Тинтогийн ТУЗ-ийн бүх гишүүд, Жак болон гүйцэтгэх удирдлагын багт хандан 2019 оны 11-р сарын 26-ны өдөр бичжээ…. Даффи 2017 онд зөвлөх үйлчилгээний гэрээгээ цуцлахаас өмнө тэрээр олон удаа Риогийн хамгийн өндөр албан тушаалтнууд ‘мэргэжлийн бус [болон] ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа тухай’ тухайн үеийн ТУЗ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд гомдол гаргасан ч тэд ‘ямар ч арга хэмжээ аваагүй ‘ гэжээ.

Ноён Жак 2017 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Даффигийн санаа зовж буй зүйлс нь Монгол болон Мозамбик дахь Риогийн асуудлуудыг хөндөж байсныг нийтлэлд дурьджээ. ‘Монгол, Мозамбик дахь [үйл ажиллагааны] талаар болзошгүй хэтрүүлгийг бид [Blackswan] мэдсэн ба анх [Рио Тинтод] 2017 онд энэ тухай мэдэгдсэн’ гэж Даффи хэлсэн. 2017 оны 10- р сард Албаниз болон Санхүү эрхэлсэн захирал Гая Эллиотт нарт АНУ-ын Үнэт цаас, Биржийн комиссоос ‘Мозамбикийн нүүрсний активын үнэлгээг өсгөсний төлөө’ залилангийн хариуцлага тооцсон юм. Даффи түүнчлэн ‘2017 оноос хойш Монголын талаар [Blackswan-ы] мэдэж байсан мэдээллийг Бейкер МкКензи 2019 онд бие даасан судалгаа хийхдээ хассан” тухай дуурьдсан. Мөн нийтлэлийн дагуу Даффи Рио доторх зохисгүй харилцааны талаар мэдээлж байсан бололтой. Иш татахад “Даффи ‘зохисгүй харилцааны’ талаар тайлагнаж байсан. Ийм нэг харилцаа нь Рио Тинтогийн хүрээлэлд нууц биш нууц болсон”. Эдгээр зохисгүй харилцааны нэг нь Туркойз Хилл ба Риогийн хооронд томоохон гэрээ хэлэлцээр хийж байх үед Туркойз Хиллтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж Пентуотер үзэж байна.

Риогийн корпорацийн соёлгүй асуудал нь аж ахуйн нэгж дотроосоо хальж дэлхий даяар, Монгол, Мозамбик тэр ч байтугай Гвиней хүртэл таржээ. 2020 оны 7-р сарын 28-нд Financial Times-ийн мэдээлснээр: Рио Тинтогийн Англи-Австралийн уурхайн компани хээл хахуулийн хэрэгт буруутгагдсан ба шийтгэлээс мултрах хэлэлцээрийг Их Британийн Ноцтой залилангийн албатай хийж байна. Групп нь Гвиней дэх маргаантай төмрийн хүдрийн орд дээр ажиллаж байсан зөвлөхөд төлсөн төлбөрийнхөө төлөө тэнсэн ял ногдуулуулахаар хөөцөлдөж байна гэж нөхцөл байдлыг мэддэг хүмүүс хэлж байгаа ба тохиролцоонд хүрэхгүй байж ч магадгуй юм. Хуулийн дагуу Ноцтой залилангийн алба нь компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг боловч Шүүгч зөвшөөрсөн тохиолдолд хэрэг нь автоматаар түдгэлздэг. Хэлэлцээр эхлүүлэхийн тулд компани нь торгууль төлж, ирээдүйд хувь хүмүүсийг яллах ажиллагаанд хамтран ажиллах зэрэг хэд хэдэн нөхцлийг зѳвшѳѳрѳх ёстой юм. Ноён Жак Рио Тинтод ийм ёс зүйгүй хандлага дэлгэрэх нѳхцлийг хэрхэн бий болгосон бэ? Үнэнийг хэлэхэд ялзрал түүний захирал болохоос өмнө эхэлсэн юм. Мозамбикийн скандал, Гвинейн хээл хахуулийн дуулиан түүнийг томилогдохоос өмнө болсон үйлдлүүдээс эхэлжээ. Гэсэн хэдий ч тэрээр корпорацийн соёлын доройтлыг үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд энэ нь түүний засаглалын үеийг тодорхойлсон хамгийн ичгүүртэй зүйл болох Австралийн соёлын өвийг дэлбэлэх хүртэл даймжирчээ. Баруун Австралийн Жуукан хавцлын соёлын өвийг устгасан явдал нь ноён Жакын удирдсан Рио-гийн үйл ажиллагааны бэлгэ тэмдэг болсон юм –“Рио л болж байвал бусад нь хамаагүй” гэх корпорацийн сэтгэлгээ; бизнесийн болон ёс зүйн үүргээ бүдүүн зүрх гарган үл тоомсорлох; засгийн газар болон төрийн бус түншүүд, хамтран хөрөнгө оруулагчдыг үл хүндэтгэх байдал. Дахиад л “цэвэрлэгээ хийх” хэрэгтэй болж байна гэдэг чинь танай корпорац “буруу замаар будаа тэснийг” гэрчилнэ. Ноён Жакын засаглал нь Рио Тинтогийн өмнѳх дуулиануудыг ардаа орхиж магад гэсэн том горьдлогоор эхэлсэн юм. Гэсэн ч одоо харахад, ноён Жак баргар тэнгэрийн доор ажлаа ѳгч байна. Буруу зүйлсийг Төлөөлөн Удирдах Зөвлөл үнэхээр засах цаг нь болжээ гэсэн үг. Риогийн зүгээс эдийн засгийн ямар ч утгагуй, ѳѳрийн хѳрѳнгѳѳ нэмэгдүүлэх замаар санхүүжилт босгохыг Туркойз Хиллд тулгах нь хууль бус бөгөөд дарангуйлал юм. Удирдах зөвлөл нь эрх биш үүнийг зѳв зүйл гэж бодоогуй гэж найдаж байна. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн хэвлэлүүдээр гарсан мэдэлэл нь эдгээр зүй бус олон үйлдэлд Риогийн ТУЗ өөрөө буруутай юм биш байгаадаа гэсэн эргэлзээг Пентуотерт тѳрүүлж байна. 2020 оны 11-р сарын 25-ны Лхагва гарагт гарсан Financial Times-ийн нийтлэлд Монгол Улсын Засгийн газар нь Оюу Толгойн уурхайн гүний өргөтгөлийн ажил удааширч, асар их зардал гарч байгаагаас үүдэн Оюу Толгой ХХК-ийг хараат бус хяналтаар шалгуулахыг хүсч байна гэжээ.

Рио Тинто Оюу Толгойн уурхайг эзэмшдэггүй гэдгийг та мэднэ. Рио бол ердөө л далд уурхайн бүтээн байгуулалтыг хариуцдаг оператор юм. Уурхайг Туркойз Хилл ба Монгол улсын Тѳр хамтран эзэмшдэг. Уг нийтлэлд уурхайн хоёр эзэн хоёулаа хараат бус шалгалт хийгэхийг хүсч байгаа хэдий ч Рио үүнийг эсэргүүцэж байна хэмээжээ. Хэрэв энэ үнэн бол үнэхээр ЦОЧИРДОМ юм. Рио бол ердѳѳ л уурхайг бариулахаар хөлслѳгдсөн гүйцэтгэгч юм. Уурхайг эзэмшигчид хөлсний гэрээт гүйцэтгэгч таньтай холбоотой хараат бус бие даасан шалгалт явуулахыг хориглох бүдүүн зүрх зориг ѳѳрт чинь үнэхээр байна уу? Хэрэв тийм бол Риогийн менежментийн баг ба ТУЗ нь маш их зүйлийг нуун дарагдуулах шаардлагатай байна гэдгийг баталж байгаагаас өөрцгүй юм. Хэрэв ѳѳрийн чинь хараат бус шалгалтыг эсэргүүцэж байгаа бол Рио компанийн засаглалын үзэл баримтлалыг үнэхээр ойлгодоггүйг нотлож байна. Хэрэв та нарт үнэхээр нуух зүйл байхгүй бол өөрийгөө шалгуулах ажиллагааг зогсоохыг хүсч байгаагаа Монголын ард түмэн болон Tyркойз Хиллийн цөөнх хувьцаа эзэмшигчдэд хэрхэн тайлбарлах вэ? Риогийн Удирдах Зөвлөл энэ цагийг алдаагаа засч залруулах, Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл компанийн ѳмнѳ ил тод байдлыг хангах, танай удирдлагаас болж хэтэрсэн зардлыг өөрийн хөрөнгөѳ нэмэгдүүлэх бус харин санхүүжилтийн тохиромжтой гэрээ байгуулан хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Хэрвээ Риогийн Удирдах Зөвлөл Туркойз Хилл руу чиглэсэн энэхүү дарангуйллаа үргэлжлүүлбэл Пентуотер нь Рио Тинтогийн Удирдах Зөвлөлийг ч оролцуулсан буруутай талуудын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахад бэлэн байна. Бид үүнийг хүсээгүй ч дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэнэ. Энэ уурхай бол эрдэнэ юм. Энэ нь Дэлхий дээрх гурав дахь том алт, зэсийн уурхай болно. Энэ нь хэдэн арван жилийн турш хэдэн арван тэрбум долларын бэлэн мөнгөний урсгалыг бий болгоно. Уурхайн эздийг утсан хүүхэлдэй, шатрын хүү шиг үзэхээ больж харин бизнесийн түнш гэж хандах хэрэгтэй. Тун удахгүй та бүхнээс хариу сонсож, тохиромжтой цагт чинь эдгээр асуудлаар ярилцах боломж гарна гэж найдаж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Пентуотер Кэпитал Менежментийн Гүйцэтгэх захирал Мэтью C. Хэлбауэр Хувийг Туркойз Хилл

ХОЛБОО БАРИХ: Пентуотер Кэпитал Менежментийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Зирин 312-589-6401

Эх сурвалж: Pentwater issues open letter …

Орчуулгатай холбоотой асуудлыг Оюу Толгойн Хяналт ТББ – 99185828

Захидлыг PDF хэлбэээр эндээс татаж авна уу.

minewjle_ot

Website: