Category Уул уурхай

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭКВАДОРТ: ИРГЭД ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХООР ШИЙДЖЭЭ 

1. Энэ оны 8-р сарын 20-нд Эквадор улсад ард нийтийн санал асуулгыг Ясуни байгалийн паркт байрших Блок 43 дахь газрын тосны олборлолтыг зогсоох шийдвэрийг 59%-ийн саналаар гаргажээ. Үүгээр байгаль орчин, өв соёл, нутгийн иргэдийг хамгаалах 10 жилийн тэмцэл нэгэн ялалтад хүрчээ. 

2. Олборлолтыг зогсоох нь төсвийн орлого, ажил эрхлэлтэд гай тарина гэж нэгэн бүлгийнхэн шаагалдсан аж. Харин байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчид ЭКОТУРИЗМЫГ ХӨГЖҮҮЛЭХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЦАХИЛГААНЖУУЛАХ, ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛТИЙГ ЗОГСООХ ЗЭРЭГ ШИЙДЛҮҮД байсаар бн гэж зүтгэсээр иржээ. Тэдний тооцоогоор Эквадорын ХАМГИЙН БАЯН 10% ХҮН АМД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭ БОЛИХОД Л ЯСУНИ ПАРК ДАХЬ БЛОК 43-ААС ОЛЖ БУЙ ГАЗРЫН ТОСНЫ ОРЛОГООС 4 ДАХИН ИЛҮҮ ОРЛОГО бий болох аж. 

3.  Санал асуулга явуулах шийдвэрийг гаргасан Эквадор улсын Үндсэн хуулийн шүүх заасанчлан, олборлолтын ажлуудыг нэг жилээс хэтрэхгүй хугацаанд зогсоож Петроэквадор компани нь Хятадын хамтрагч компаниудын хамт нөхөн сэргээлтийг хийж гарах ёстой аж. Төрийн өмчит Петроэквадор компани иргэдийн саналыг хүндэтгэнэ гэжээ. 

4.  Эквадорын энэхүү туршлага эдийн засгийн ээдрээтэй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ба гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн хувьд дэлхийд шинэ жишиг тогтоож, Хятадын санхүүжүүлэгчид ЗГ-ын өрийг газрын тоосоор төлүүлэх болзол тавьдагт анхаарал татаж, энэ дадлыг эцэс болгох боломжийг бий болгож бгааг ЛатиноАмерика Сустентабле (Тогтвортой Латин Америк) байгууллага тэмдэглэж бн. Санхүүжүүлэлтийн энэ болзол дэлхийд хосгүй биосфер болох Ясуни парк руу уурхайчид морилоход түлхэц болсон аж.  

5.  Санал асуулгын асуултыг үндэсний язгуур ашиг сонирхлын үүднээс томъёлсон гэвэл хийлсдэхгүй: “ИТТ буюу Ишпинго, Тамбокоча, Типутини талбар дахь түүхий нефтийг Ясуни нутгийн газрын хэвлийд гар хүрэхгүйгээр үлдээх санаачлага нь олон нийтийн хэлцлээр шийдэж болох бүх нийтийн сонирхлын асуудал болох тул Эквадор улсын Засгийн газар Блок 43 нэршилтэй ИТТ талбар дахь түүхий нефтийг газрын хэвлийд хязгааргүй хугацаагаар үлдээх ёстой гэдгийг дэмжих үү?” гэж асуужээ. “Олборлолтыг дэмжих үү?” гэж асуултаа тавьсан бол хэний, хаанхын лобби ажилласан нь тодорхой болно л доо. Эх сурвалжууд:   https://www.electionguide.org/elections/id/4184/https://edition.cnn.com/2023/08/20/americas/ecuador-election-oil-extraction-amazon-climate-intl/index.html. Мэдээлэл олон бгаа. Нью-Йорк таймс  (https://www.nytimes.com/2023/08/22/climate/ecuador-will-keep-some-oil-in-the-ground.html) Эквадорын референдумыг мэдээлэхдээ өөрийн улсын залуу үеийнхний эко тэмцлийг тухайлан тэмдэглэжээ. ■

Д.Сүхгэрэл: Манай хяналтын тогтолцоог хуулиар санаатайгаар хязгаарласан

“Оюу Толгой хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлтэй “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа говийн бүсийн эко систем болон малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буй нөлөөллийн талаар ярилцлаа.   


-Та бүхэн саяхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаад ирсэн. Манай улсын хамгийн том төсөл болох “Оюутолгой”-н үйл ажиллагаанаас үүдэлтэй экологи, нутгийн малчид, хүн ардад үзүүлж буй нөлөөлөл ямар түвшинд байна вэ? 

 
-Бид 10 дугаар сарын 10-нд Ханбогд суманд Гурван талт зөвлөлийн хуралдаанд оролцоод ирсэн. Зөвлөл нь “Оюутолгой”-н үйл ажиллагааны улмаас малчдад учирсан хохирлын тухай гомдлыг хэлэлцсэн. Гомдлын хүрээний асуудлыг нийтэд ярихгүй, ялангуяа олон талт мэргэжлийн шинжээчдийн сүүлийн тайлангуудын агуулгыг нийтэд задруулахгүй гэсэн амлалт өгөөд гарын үсэг зурцгаасан. Тиймээс энэ талаар ярих боломж байхгүй.
Ер нь бид “Оюутолгой”-н үйлдвэрлэлийг хамарч байгаа нөлөөллийн бүсийг бүхэлд нь тойрч, нөхцөл байдал ямар байна, шинээр ямар бэрхшээл гарав, өмнө нь гарсан хүндрэлийг шийдвэрлэсэн үү зэргээр үнэлж цэгнэхийг хичээдэг. Саяын хяналтаар гүний хоолойн цооногуудыг эс тооцвол өмнө нь үүссэн хүндрэлүүдийг шийдсэн тохиолдол алга байна. Гүний хоолойн шүүрэлттэй цооногууд гэж сонссон байх. Уг цооногуудыг битүүмжлэх ажил явагдаж байна. Тодруулбал, өмнө нь “Оюутолгой”-оос тавьсан хайгуулийн болон мониторингийн цооногууд нь бүтцийн хувьд буруу хийгдсэн. Цементээр дүүргэсэн байх ёстой. Гэтэл хайргаар дүүргэсний улмаас хөрсөн доорхи гүехэн усыг гүн рүү шүүрүүлэх алдаа гаргасан. Үүнийг нэлээн олон жил яриад, өнгөрсөн жилээс битүүмжилж эхэлжээ. Засарч байна. Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. “Оюутолгой”-н тавьсан бүх цооногт шинжилгээ хийгдээгүй. Нутгийн малчид дахиад хэдэн ийм шүүрэлттэй цооног байгааг мэдэхгүй. Энэ нь малчдын ундны усыг хөрсний гүн рүү алдуулдаг гэж малчид харддаг. Тиймээс бүх цооногт үнэлгээ хийлгэх шаардлагатай. Мөн энэ хугацаанд алдагдсан усны нөхөн олговрыг тооцуулах асуудал тавьж байгаа.
Дараагийн нэг асуудал бол “Оюутолгой”-н нутгийн малчдад олгож байгаа нөхөн олговрын гэрээний хугацаа дуусах гэж байгаа. Түүнийг сунгахгүй байна гэсэн асуудлаар орон нутгийн сонгуулийн үеэр сэдэв болж яригдсан байсан.


-Нөхөн олговорыг тодруулахгүй юу?


-Оюутолгой 8*10 км хавтгай дөрвөлжин газрыг эзэлсэн байгаа шүү дээ. Мөн хашаанаас гадуур зам, гүний хоолойн шугам, өндөр хүчдэл, ус хуримтлуулах лагуна, нисэх буудал гэх мэт дэд бүтцүүд явж байна. Энэ бүхэн бэлчээрийг эзэлж, хэрчиж хуваах, усанд нь нөлөөлөх байдлаар малчдын аж амьдралд нөлөөлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн малчин ямар нөлөөлөлд орсоноос хамаарч нөхөн олговрын хэмжээг тооцож олгодог. 2011 онд байгуулсан гэрээ юм.


-Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор энэ чиглэлд танай байгууллагын үйл ажиллагаа голлон чиглэж байгаа гэж сонссон?


-Тийм ээ, далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж, үйл ажиллагаа нь эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор далд уурхайн ажилд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга зэрэг барилгын материалыг олборлох зорилгоор тэрүүгээр нэг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй газар авчихсан. Байгаль орчин, нийгмийн үнэлгээ хийлгэлгүй, олборлох зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүйгээр тоног төхөөрөмж аваачаад зоочихсон байна. Ихэвчлэн нутгийн бизнесүүд байгаа бололтой. Байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ зайлшгүй хийгдэх ёстой. Түүнчлэн, уурхай нэмээд 12 га газар авна гэсэн хүсэлт өгсөн байгаа. Энэ нь уурхайн хаалттай хашаа тэлнэ гэсэн үг. Мэдээж энэ нь малчдын бэлчээр, өвөлжөөнөөс ахиад хумслана. Гэтэл уурхайн талбайг тэлснээр малчдад хэрхэн нөлөөлөх үнэлгээ хийхгүй байна. Хүн амд нөлөөлөхөөс гадна усны асуудал гарч ирнэ. “Оюутолгой” анханаасаа усны асуудалтай байсан. Гүний хоолойн усны нөөц хүрэлцээтэй юу, хэдий хэмжээний ус ашиглаад байна, цаашид нөөц хүрэлцэх үү гэх зэргээр олон бэрхшээл бий. Гэтэл далд уурхай ашиглалтад орсноор усны хангамж дээр ямар нөлөөлөл бий болох үнэлгээ хийгдэхгүй байна. “Манай ТЭЗҮ айхтар өөрчлөгдөөгүй. Тийм учраас 2012 оны үнэлгээнд нэмж үнэлгээ хийх шаардлагагүй” гэж санхүүжүүлэгч банкууд нь тайлбарладаг. Тэгтэл ТЭЗҮ-д нь их том өөрчлөлт орсон. Дөрөвдүгээр босоо ам гэдэг нь одоо байгаа уурхайн талбай дотор байх ёстой. Гэтэл далд уурхайн суултын бүсийн тооцоогоо дутуу хийснээс үүдэж хоёрдугаар босоо амын аюулгүй байдал, цаашид ашиглаж болох эсэх дээр бэрхшээл үүссэнээс болж дөрөвдүгээр босоо амыг хашаанаас гадна байршуулах болчихоод байна. Шинэ газар авах бол байгаль орчны болон нийгмийн нөлөөллийг тооцох ёстой. Босоо амыг анх төлөвлөснөөс тэс өөр газар аваачиж байгаа юм чинь ТЭЗҮ-ийн төлөвлөгөө өөрчлөгдөнө шүү дээ. Үүнийг хийхгүй гээд суусан. Гэтэл өнөөдөр www.от.mn сайт руу өөр мэдээлэл татах гээд ортол 2016-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан гэсэн гарчигтай баримт бичиг байна. Өнгөрсөн тавдугаар сард баталсан байх юм. Би ийм үнэлгээ хийгдэж байгаа тухай огт сонсоогүй. Ханбогдод үнэлгээний багууд ажиллаж байгаа. Нутгийн бүлгүүдтэй уулзсан, мэдээлэл авсан, тайлангаа хэлэлцүүлсэн тухай огт сонсоогүй юм байна. Одоо энэ баримт бичигт шүүмж хийлгэнэ.   


-Говийн экологийн асуудал их эмзэг. Мөн тэнд амьдарч байгаа хүн амын ирээдүйг хамгаалах асуудал ихээхэн чухал. Тийм ч учраас манай улсын цаашид хэрэгжих мега төслүүдэд жишээ болох Оюутолгой төсөлд хариуцлагатай байхыг шаардаж, олон нийтийн хяналтыг бий болгоход та бүхний зорилго чиглэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь Оюутолгой компанийн зүгээс та бүхний тавьсан асуултад хариу өгөх тал дээр хэр нээлттэй, идэвхитэй ханддаг вэ?  


 -Биднийг огт сонсдоггүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл бид үндэслэлтэй мэдээлэл гаргадаг. Бүх үнэлгээ мэдээлэл олон улсын иргэний нийгмийн дотор ажилладаг гадаад мэргэжилтний зөвлөмж болж очдог. Жишээ нь “Оюутолгой”-оос гарсан аудит, тайлан зэрэг материалуудыг гадаадад байгаа мэргэжлийн хүмүүсээр хянуулж үнэлүүлдэг. Мөн гадаадад бас Оюутолгой дээр хяналт тавьдаг байгууллагууд байна. “Рио Тинто” дээр ч бий. Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк, Канад, АНУ-ын Экспорт импортын агентлагууд гэх зэргээр “Оюутолгой”-д хөрөнгө оруулалт хийсэн байгууллагуудын санхүүжилт дээр тухайн орны ТББ-ууд хяналт тавьдаг. Тэд Оюутолгойгоос гаргасан тайлан, бичиг баримтуудтай танилцаад бодит байдал дээр биелэлээ олсон эсэхийг биднээр хянуулдаг. Бид малчидтайгаа яваад биелсэн эсэхийг хянаж, дүгнэдэг. Үнэндээ орон нутагт байгаа иргэд л нөхцөл байдлыг илүүтэй мэдэж, дүгнэнэ. Тэгэхээр зөвхөн манайх бус “Оюутолгой”-д санхүүжилт хийсэн орнуудын мэргэжлийн хүмүүс бидэнтэй хамтарч хяналт тавьдаг гэсэн үг. Тиймээс манайхаас явуулсан мэдээлэлд огт хариу өгөхгүй гэж байхгүй. Гэхдээ өгч байгаа хариулт нь хангалтгүй. Өөрсдийгөө хамгаалсан байдалтай байдаг. Иймээс бид сүүлийн үед санхүүжүүлж байгаа банкуудтай нь харилцаж байна. Энэ нь арай илүү үр дүнтэй байгаа.
Банкуудад гомдол гаргасны мөрөөр ярилцлагын эхэнд дурдсан Гурван талт зөвлөл байгуулагдсан. Уг зөвлөлд  нь гомдол гаргасан малчдад үүссэн бэрхшээлийг аль болох шийдэх талаас нь хамтарч ажиллах учиртай бөгөөд бид малчдад зөвлөх үүрэгтэй оролцдог.


-Тэгвэл төрийн хяналт ямар байна вэ. “Оюутолгой” төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй гэдэг агуулгаар манай хяналтын байгууллагууд харьцангуй зөөлөн хандаад байна уу?


-Аудитын тайлан, нарийн техникийн мэдээллүүдийг яамны түвшинд авч чаддаггүй. “Мэдээлэл байдаггүй, өгдөггүй. Өгсөн байлаа ч монгол хэл дээр байдаггүй” гэсэн байдлаар БОАЖЯ-хан ярьдаг. “Оюутолгой”-н хуулчийн хэлснээр Уул уурхайн яаманд бүх мэдээллийг англи, монгол хэлээр өгдөг гэсэн. Тэгэхлээр “Оюутолгой” зөвхөн Уул уурхайн яаманд тайлагнаж харилцдаг юм байна гэж ойлгодог.
Мэргэжлийн хяналтын хувьд өнөөдөр нөхцөл байдал сайжирсан эсэхийг мэдэхгүй. Өмнө нь уурхай руу ороод тоног төхөөрөмжийнх заалтыг хараад ямар технологи хэрэглэж байгааг хэлж мэддэг мэргэжилтэн байгаагүй. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газар дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулж байна гэсэн нэрээр байцаагч стратегийн ач холбогдол бүхий уурхайд гэнэтийн болон төлөвлөсөн шалгалт хийх нь эрх мэдлийг нь тамгын газрын даргын мэдэлд өгсөн. Гэнэт шалгалт хийх шаардлага гарвал МХЕГ өөрсдийн төсөвт суурилж шийдвэр гаргана гэсэн байсан. Тэгэхээр МХЕГ бэрхшээл гарч, гэнэт шалгалт хийх шаардлага үүсэхэд цаг алдалгүй ороод шалгах боломж байхгүй болсон.
Орон нутгийн байгаль орчны байцаагч тэр бүр мэдээлэл авч чаддаггүй. Монгол хэл дээр мэдээлэл байхгүй бол ойлгож, нягталахад төвөгтэй. Өөрөөр хэлбэл, манай хяналтын тогтолцоог хуулиар санаатайгаар хязгаарласан. Дээрээс нь стратегийн орд газар гэсэн нэрэн дор хуулиас гадуур орхисон. Уг нь Монгол Улсын эдийн засгийг авч явах ДНБ-ий 35 хувийг эзлэх том төсөл шүү дээ. Тиймээс хатуу хяналтад байх ёстой. Хэрэв ийм хяналтгүй явж байгаад сүүлд асуудал үүсвэл эдийн засагт шууд нөлөөлнө, нөлөөлсөн ч байгаа. Стратегийн орд гээд дураар нь тавихгүй эсрэгээр хатуу хяналт үйлчилж байж эдийн засгийн болон улс төрийн хямарлаас сэргийлэх ёстой гэдгийг ойлгохгүй байна.  
Далд уурхайн ажил эхлэнэ гэж байна. Тэгвэл усны нөөц хүрэлцэх юм уу. Энэ их зээл авч үйлдвэрлэл явуулаад эхэлтэл усгүй болчихвол яах вэ. Энэ хүмүүс чинь устай байх үед нь ухчихаад гараад явчихана шүү дээ. Тэгэхээр энэ мэт асуудлыг Засгийн газар, хяналтын байгууллагууд гартаа авч, өдөр тутамдаа мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь ийм хандлага ажиглагдахгүй байна. Төр төлөөлсөн албан тушаалтнууд очихлоор олборлох үйлдвэрлэлийн ажиллагааг зогсоож тоосоо намдааж, сайхан хөтөлбөр гаргаж автобусаар зөөгөөд хоол цайгаар үйлчилдэг. Үүнийг хараад сайн ажилладаг гэсэн ойлголт авдаг. Гэтэл осол гарсан хэвээр, хүний амь үрэгдсэн хэвээр байна. Нийтийн ус алдагдаж, малчид хохирсон хэвээр байна.


-Ер нь Оюутолгойн үйлдвэрлэлээс үүдэлтэйгээр ирээдүйд үүсэх эрсдэлт хүчин зүйлсийг хэрхэн харж байна вэ. Говийн байгаль экологи, хүн ардад нөлөөлөх тоцоолоогүй хүчин зүйлс бий болох магадлал хэр өндөр байна вэ?


-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2012 оноос өмнө хийсэн. Гэхдээ энэ нь барилгын шатанд хийгдсэн үнэлгээ. Яг олборлох шатанд ямар бэрхшээл үүсч байгааг үнэлээгүй. Тухайлбал, өмнө нь хийсэн усны үнэлгээнд малчдад ус зөөвөрлөж түгээх асуудлыг огт тооцоогүй байсан. Гэтэл өнгөрсөн жил малчдад 6-7 цэгт төмөр саванд зөөврийн ус тээвэрлэж хангаж байсан.  Тэгэхээр тооцоологдоогүй нөхцөл байдал үүсч байна гэсэн үг. Хамгийн гол нь цаашид яах вэ гэсэн үнэлгээ байхгүй. Экологийн ямар нөхцөл байдал үүсэх, хаанаа анхаарах вэ гэдгийг бодит байдал дээр үнэлж ба

йж гарч ирнэ. Малчид ус, бэлчээргүй болсноор өөр баг, сумын бэлчээр рүү ороод байна. Үүн дээр нэг өдөр зөрчил үүснэ. Энэ мэтээр анхаарах асуудал олон бий.
“Оюутолгой”-н хүлээн зөвшөөрдөггүй нэг асуудал бий. Тухайн орчны ан амьтан, хорхой шавьж, ургамал гэх зэргээр экологийн тэнцвэрийг барьж байдаг хүчин зүйлс өөрчлөгдсөн. Ан амьтан, хорхой шавьж, ургамал байхгүй болсон. Нутгийн иргэдийн хэрэглэж байсан эмийн ургамал устсан. Энэ бүхэнд экологийн үнэлгээ огт хийгдэхгүй байна. Гэтэл “Оюутолгой”-н тайлангуудыг харахаар ургамалыг цаашдын нөхөн сэргээлтэд ашиглахад бэлтгэж байгаа. Эсвэл нөлөөлөлд өртсөн амьтадыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрт бичсэнээр говийн тахь, хулан зэрэг амьтадыг хулгайн ангаас болж үрэгдсэн. Тийм учраас малчидтай хулгайн анг зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг. Бодитой юм хийхгүй. Хийж байгаа дүр эсгэдэг. Хулгайн ан бус уурхайн үйлдвэрлэл ан амьтадын тоо толгойд нөлөөлөөд байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Одоо далд уурхай ашиглалтад орсноор экологи, усны нөөц, нийгэмд хэрхэн нөлөө үзүүлэхийг бодитой тооцох явдал чухал байна.


Монголын хуулийн дагуу дотоодын компаниудын хийж байгаа үнэлгээ их өнгөцхөн. Хэдхэн сарын дотор үнэлгээ хийдэг. Гэтэл гадаадад ийм үнэлгээг жил хагасын дотор хийхэд бага хугацаанд тооцогддог. Тэгэхээр үнэлгээг бодитой хийж байгаа эсэх эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” нь үнэлгээ хийхэд суурь нөхцөл байдлын мэдээлэл байхгүй гэж тайлбарладаг. Энэ нь худлаа. Дээр үед бүх суманд музей байсан. Үүнд манай сум тэдэн төрлийн ургамал, амьтан, баялагтай гэсэн судалгааг нэг загварт оруулсан мэдээлэлтэй байсан. Тэр мэдээлэлд үндэслээд бүх юмаа тооцож болно. “Оюутолгой” 2008, 2009 онд барилгын ажил эхлэх үед тайлан гаргасан байгаа. Тэр тайланд зарим мэдээлэл бий. Үнэлгээ хийхэд түүнтэй харьцуулахгүй байна. Монголын Засгийн газар энэ үнэлгээг хийх шаардлагатай.


-Суурь нөхцөл байдлын мэдээлэл байхгүй гэхлээр тухайн бүс нутагт өмнө нь ямар амьтан, ургамал хэдий хэмжээний тоо толгой, тархацтай байсан гэдгийг гэрчлэх мэдээлэл байхгүй гэсэн үг үү. Тэгэхлээр муугаар бодоход Оюутолгойн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр тухайн бүс нутгийн ан амьтан, ургамал уствал үүнийг анх байсан гэдгийг гэрчлэх боломжгүй болох нь ээ. Мэдээж гэрчилж чадахгүй бол Оюутолгойг буруутгах үндэслэлгүй болно?     


-Нутгийн малчдаар дамжуулаад музейд байгаа мэдээллийг авч эх үндэс болгооч гэсэн. Гэвч тийм мэдээлэл байхгүй гээд байгаа. Хоёрдугаарт, тухайн мэдээллийг шинжлэх ухааны бус гэж үздэг. Уг нь нутгийн захиргаа, хүн ард, байгаль орчин хамгаалагч хүмүүс ан амьтад, ургамалаа судалж тогтоогоод баримт материал бичээд явдаг байсан. Зарим их баялагтай газар Шинжлэх ухааны академиас ирж тооцоо судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр суурь мэдээлэл байсан. Гэтэл суурь мэдээлэл байхгүй гэдэг нь их ноцтой юм. Өмнө нь энэ бүс нутагт ийм амьтан, ургамал байсан гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр харьцуулалт хийх өмнөх суурь мэдээлэл байхгүй учир одоо байгаль орчинд нөлөөлсөн байдлыг бүрэн тодорхойлох боломжгүй болж байна.     


Ер нь Уул уурхайн яам лиценз өгсний дараа байгаль орчны үнэлгээгээ хийнэ гэж яриад байна. Уг нь лиценз өгөхийн өмнө үнэлгээ хийх ёстой. Энэ үнэлгээгээр ан амьтан, ургамал, тухайн бүсийн эко системд гүйцэтгэж буй үүрэг зэрэг бүх зүйл тодорхой болно. Үүний дараа энэ газар лиценз өгөх үү гэдгийг шийдэж, хайгууль явуулах учиртай. Хайгууль хийж баялгаа тодорхой болгосны дараа уг баялгийг олборлож олсон орлогоор экологийн нөхөн сэргээлтийг хийж, дээрээс нь улсын хөгжилд хувь нэмэр болох ашиг хүртэх үү гэдгийг харьцуулж харна. Ингээд боломжтой буюу ашигтай гэж үзвэл олборлолтын асуудлыг хөндмөөр байна. Дээрээс нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрт олгогдсон мандатаа хэрэгжүүлж чадахгүй байна. Хариуцлагагүй үйлдвэрлэл явуулбал зогсоох эрх нь бий. Одоогийн Засгийн газар хэрхэн ажиллахыг харж байна.